Радио сонирхогчийн эрхийн бичиг олгох журам

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2015 оны 65 дугаар тогтоолоор батлагдав.

МОНГОЛ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ

СОНИРХОГЧИЙН РАДИО СТАНЦ АШИГЛАХ

ЭРХИЙН БИЧИГ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл.

1.1. Монгол Улсын Радио долгионы тухай хуулийн 4[1] дүгээр зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон гадаадын иргэнд сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг олгох, радио долгионыг зүй зохистой ашиглах, сонирхогчийн радио станцуудад хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Энэхүү журамд хэрэглэсэн нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.

1.2.1. Радио сонирхогчдын төв байгууллага Монголын Радио Спортын холбоо /цаашид МРСХ гэх/ байх ба уг байгууллага нь Олон Улсын Радио Сонирхогчдын Холбооны /International Amateur Radio Union/ гишүүн бөгөөд олон улсын ижил төрлийн байгууллагад Монгол Улсын Радио сонирхогчдыг төлөөлөх эрх бүхий төрийн бус байгууллага.

1.2.2. Радио сонирхогчдын сайн дурын байгууллага Тус улсын нутаг дэвсгэр дээр радио сонирхогчдын зорилгоор ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг эвлэл, холбоо, клубийг хэлнэ.

1.2.3. Радио сонирхогч Холбооны тоног төхөөрөмжүүд ашиглан хуваарилагдсан радио давтамжийн зурваст ямар нэгэн улс төрийн сонирхлоор бус, өөрийгөө хөгжүүлэх зорилгоор сонирхогчийн радио холбооны спорт, радио техник, электроникийн сонирхолтой, сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг, дуудлагын зөвшөөрөлтэй хүмүүсийг хэлнэ.

1.2.4. Дуудлага Бусад радио сонирхогчдод өөрийгөө таниулах үсэг тооноос бүрдсэн тэмдэг байх бөгөөд холбоо тогтоож буй радио сонирхогчийн таних нэр юм.

1.3. Радио сонирхогчид нь Монгол Улсын “Үндэсний радио давтамжийн зурвасын хуваарилалт”-д сонирхогчийн радио холбоо барихад зориулан хуваарилсан давтамжийн зурвасыг ашиглана. /Радио давтамжийн зурвасыг хавсралт 4-аас үзнэ үү./

1.4. Харилцаа Холбооны Зохицуулах Хороо /цаашид ХХЗХ гэх/ нь МРСХ-ны дүгнэлтийг үндэслэн Монгол улсын иргэн болон гадаадын иргэнд сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг олгоно.

1.4.1. МРСХ нь Монгол улсад шинээр сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг авах хүсэлтийг хүлээн авч, хүсэлт гаргагчаас мэргэжлийн зохих шалгалт авах, радио станцад техникийн үзлэг хийх комиссыг томилон, шалгалт авч, техникийн үзлэгийн акт үйлдэн, дүгнэлт гарган ХХЗХ-нд ирүүлнэ. /Техникийн үзлэгийн актыг хавсралт 3-оос үзнэ үү./

1.5. МРСХ нь ХХЗХ-ны зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж, сонирхогчийн радио станц ашиглагчдад мэргэжлийн хяналт шалгалт хийн, техникийн зөвлөмж өгч, шаардлага тавьж, нэгдсэн зохион байгуулалтаар хангана.

1.5. 1. МРСХ нь радио спортын чиглэлээр сургалт явуулах, улсын болон олон улсын радио спортын уралдаан тэмцээнүүдийг гишүүдийнхээ дунд зохион байгуулна.

1.5.2. МРСХ нь эрхийн бичиг олгохтой холбоотой тайлан мэдээгээ жил бүрийн 1 дүгээр сарын 20 болон 7 дугаар сарын 20–ны дотор ХХЗХ-нд ирүүлнэ. /Тайланг хавсралт 6-ын дагуу ирүүлнэ/

Хоёр. Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг олгох

2.1. Монгол улсын “Радио долгионы тухай” хууль, энэхүү журмын дагуу мэргэжлийн зохих шалгалт өгч тэнцсэн, ашиглах радио станц болон антенаа аюулгүй байдлын дагуу суурилуулсан, дотоод болон гадаадын иргэдэд сонирхогчийн радио станц ашиглах А, B ангиллын эрхийн бичгийг 1-5 жилийн хугацаатай олгоно.

2.1.1. Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг нь барилга байшин, орон сууцны дээвэр дээр нэвтрүүлэх станц болон антен фидерийн байгууламжийг суурилуулах үндэслэл болохгүй.

2.1.2. Монгол Улсын нутаг дэвcгэрт ажиллах сонирхогчийн радио станцын эрхийн бичгийг тус улсын иргэн болон гадаадын иргэдэд ажлын 21 хоногийн дотор ХХЗХ-ноос олгоно.

2.2. Монгол Улсын иргэнд эрхийн бичиг олгох

2.2.1. Монгол Улсад сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг шинээр хүсэгч нь доорх бичиг баримтыг бүрдүүлэн МРСХ-нд хүсэлтээ гаргана. Үүнд:

· Иргэний үнэмлэхийн хуулбар

· Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг хүссэн өргөдөл /хавсралт 1-ийн дагуу/

· Сонирхогчийн радио станц ашиглах өргөдлийн маягт /Хавсралт 2/ бөглөх

· Антен байрлуулах төлөвлөгөө зураг

· Эрхийн бичгийн төлбөр төлсөн баримт

2.2.2. МРСХ-оос томилогдсон комисс нь сонирхогчийн радио станц ашиглах хүсэлт гаргагчийн радио станц, антен байрлуулах төлөвлөгөө, өргөдлийн маягтад шалгалт хийж, энэхүү баримт бичгийн хавсралт 3 “техникийн үзлэгийн акт”-ийн дагуу дүгнэлт гаргаж, мэргэжлийн зохих шалгалт авна.

2.2.3. МРСХ нь комиссын дүгнэлт, мэргэжлийн зохих шалгалт авсан хуудас, хүсэлт гаргагчийн ирүүлсэн бичиг баримтын хамт ажлын 5 хоногийн дотор ХХЗХ-нд ирүүлнэ.

2.2.4. Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг хүсэгч нь ХХЗХ-ны 2003 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-нд заагдсан эрхийн бичгийн төлбөр, МРСХ-ны үйлчилгээний хураамжийг төлнө.

2.3. Гадаадын иргэнд эрхийн бичиг олгох.

2.3.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт сонирхогчийн радио станц ажиллуулах хүсэлтэй, өөрийн улсын лиценз, дуудлагагүй гадаадын иргэд нь МРСХ-нд хандан энэхүү журмын 2.2.1-д заасан материалыг бүрдүүлэн эрхийн бичиг авна.

2.3.2. Өөрийн улсын лиценз, дуудлагатай гадаадын иргэн нь доорх бичиг баримтыг бүрдүүлэн радио станц ашиглахаас ажлын 30 хоногийн өмнө хүсэлтээ МРСХ-нд гаргана. Yүнд:

· Паспортын хуулбар

· Монгол Улсад түр оршин суух үнэмлэхийн хуулбар

· Өөрийн улсаас олгосон сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичгийн хуулбар

· Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг хүссэн өргөдөл /Хавсралт 1/

· Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг хүссэн өргөдлийн маягт /Хавсралт 2/

· Антен байрлуулах төлөвлөгөө зураг

· Техникийн үзлэгийн акт /Хавсралт 3/

· Эрхийн бичгийн төлбөр төлсөн баримт

2.3.3. Гадаадын иргэдэд олгох сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичгийн хугацааг Монгол улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа болон визний хугацаагаар олгоно.

2.3.4. Сонирхогчийн радио станц ашиглагч гадаад иргэн нь радио станц ажиллуулахдаа Монгол Улсын радио сонирхогчдын мөрдөн ажиллаж буй давтамжийн зурваст ажиллана. /Хавсралт 4/

Гурав. Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичгийн сунгалт

3.1. Монгол Улсын иргэн сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичгийн хугацаа сунгуулахдаа Радио долгионы тухай хуулийн 12.2[2] заалтын дагуу өмнөх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 60 хоногийн өмнө дараах бичиг баримтыг бүрдүүлэн ХХЗХ-нд хүсэлтээ гаргана. Үүнд:

· Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг хүссэн өргөдөл. /Хавсралт 1/

· Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичгийн өргөдлийн маягт. /Хавсралт 2/

· Өмнө олгосон эрхийн бичгийн хуулбар

· Эрхийн бичгийн төлбөр төлсөн баримт

3.2. Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэн сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичгийн хугацаа сунгуулахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлэн МРСХ-нд хүсэлтээ гаргана. Үүнд:

· Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг хүссэн өргөдөл /Хавсралт 1/

· Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичгийн өргөдлийн маягт /Хавсралт 2/

· Паспортын хуулбар

· Монгол улсад түр оршин суух үнэмлэхийн хуулбар

· Эрхийн бичгийн төлбөр

3.3. Эрхийн бичгийн хугацаа сунгуулахаар хүсэлт гаргасан этгээд нь Радио долгионы тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчөөгүй тохиолдолд хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 21 хоногт багтаан сунгалт хийж, эрхийн бичгийг олгоно.

Дөрөв. Сонирхогчийн радио станцын ангилал, төрөл, хүчин чадал

4.1. Сонирхогчийн радио станц ашиглах радио давтамжийн зурвас, ажлын горим, нэвтрүүлэгчийн чадал зэрэг үзүүлэлтээр нь А, В гэж хоёр ангилна. /Ангиллыг Хавсралт 4-ээс үзнэ үү/

4.2. Сонирхогчийн радио станцын гаралтын чадал нь:

Эрхийн бичгийн ангилал

Радио станцын гаралтын чадал

хот суурин газарт

хот суурин газраас гадна

А

1500 Ватт хүртэл

2500 Ватт хүртэл

B

200 Ватт хүртэл

500 Ватт хүртэл

4.3. Сонирхогчийн радио станцыг зориулалтаар нь дараах байдлаар ангилна. Үүнд:

· Хувийн станц – Радио сонирхогчийн хувийн радио станц

· Хамтын станц – Байгууллага, иргэд, клубийн радио станц

· Дахин дамжуулагч станц – Дамжуулах орчины цэгт оруулсан нэг буюу хэд хэдэн өсгөгч радио төхөөрөмж

Тав. Сонирхогчийн радио станцын дуудлага

5.1. Сонирхогчийн радио станц ашиглаж байгаа радио сонирхогч бүр дуудлага хэрэглэнэ. Дуудлагыг сонирхогчийн радио станцын эрхийн бичигт тусгаж өгнө. Энэ нь тухайн радио сонирхогчийг холбоо барих үед таних нэр болдог.

5.2. Дуудлага нь Олон Улсын Цахилгаан Холбооны байгууллагаас Монгол Улсад хуваарилсан JT, JU, JV-ээр эхэлсэн үсэг, Монгол улсын бүсийн дугаар /хавсралт 5/-ын дагуу тоо, хувь хүнд олгосон үсгээс бүрдсэн байна.

5.3. Радио сонирхогч нь МРСХ-ноос санал болгосон дуудлагуудаас сонголт хийнэ.

5.4. Радио сонирхогч нь үндсэн нэг дуудлагатай байх ба нэмэлт дуудлага авч болно. Хэрэв нэмэлт дуудлага авах бол энэхүү журмын 2.2-т заасны дагуу шинэ эрхийн бичиг авч ашиглана.

5.5. Радио сонирхогч нь өөрийн тогтмол оршин суугаа газраас өөр бүсэд түр хугацаагаар очих мөн автомашин, нисэх онгоц, усан онгоц зэргээс сонирхогчийн радио станц ашиглах бол эрхийн бичгээр олгосон өөрийн дуудлагын ард ташуу зураас (/), бүсийн дугаар эсвэл хөдөлгөөнт гэсэн утгыг илэрхийлэх нэмэлт үсэг хэрэглэнэ. Жишээ нь: JT1AA/2, JU1AA/P, JV1AA/MM гэх мэт

5.6. Гадаадын иргэдэд олгох дуудлагад өөрийнх нь улсаас олгосон дуудлагыг оролцуулж олгож болно. Жишээ нь: JT1/PA1A гэх мэт.

5.7. Мөн радио сонирхогчдод ажиглагчийн дуудлага олгож болох ба /Short Wave Listener, SWL/ дуудлагыг 8 буюу түүнээс дээш насны иргэдэд олгоно. Ажиглагчийн дуудлагыг олгохдоо эрхийн бичиг олгох журмын дагуу олгоно.

5.8. ХХЗХ нь МРСХ болон бусад Радио сонирхогчдын сайн дурын байгууллагуудтай хамтран хэрэгцээ шаардлагад үндэслэн шинээр дуудлага гаргах эсэхийг шийдвэрлэнэ.

Зургаа. Сонирхогчийн радио станцаар холбоо тогтоох

6.1. Эрхийн бичиг эзэмшигч радио сонирхогчид нь хоорондоо шууд эсвэл дахин дамжуулагч, сонирхогчийн хиймэл дагуул, сар ашиглах, интернет болон сүүлийн үеийн дэвшилтэд мэдээллийн технологи ашиглаж, радио сонирхогчдын зөвшөөрөгдсөн төрлүүдээр холбоо тогтоохыг зөвшөөрнө.

6.2. Радио сонирхогч нь сонирхогчийн радио станцаар ажиллахдаа өндөр сахилга баттай байж, радио сонирхогчийн ёс суртахууны хэв хэмжээг чандлан дагах үүрэгтэй.

6.3. Радио сонирхогч нь сонирхогчийн радио станцаар холбоо барих үедээ өөрийнхөө тухай, өөрийн радио станц, радио техник, сонирхогчийн радио спорт, цаг агаарын мэдээ, оршин суугаа газрын тухай мэдээ, мэдээлэл солилцож болно. Радио сонирхогч нь сонирхогчийн радио станцаар улс төр, бизнес болон хувь хүний нэр хүндтэй холбоотой зүйлс ярилцахыг хориглоно.

6.4. Сонирхогчийн радио холбоонд Олон Улсын Q код хэрэглэх бөгөөд ямар нэг далд утга бүхий үг, үсэг, хэллэг ашиглахыг хориглоно.

6.5. Радио сонирхогч нь аюулын дохио болох SOS (телеграф), MAYDAY (телефон), -г хүлээн авсан тохиолдолд зохих газарт яаралтай мэдэгдэнэ. Радио сонирхогчид нь холбогдох эрх бүхий хүмүүст байгалийн гамшиг, гоц халдварт өвчин зэрэг онцгой тохиолдлын үед радио станцаа ашиглуулах үүрэгтэй.

Долоо. Станцын бичиг баримт

7.1. Сонирхогчийн радио станцын бичиг баримтад сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг, техникийн үзлэгийн акт, холбооны журнал, QSL карт зэрэг орно.

7.2. Холбооны журналд доорх зүйлс бүртгэгдсэн байна. Үүнд:

· Холбоо тогтоосон станцын дуудлага


· Холбоо тогтоосон огноо, цаг, минут

· Холбоо тогтоосон радио давтамж

· Холбоо тогтоосон төрөл

· QSL карт явуулсан ба хүлээн авсан тухай тэмдэглэл

· Бусад мэдээлэл (холбоо баригчийн нэр, оршин суугаа хот гм...)

7.3. Радио сонирхогч бүр холбоо тогтоосон хүн бүрдээ QSL карт илгээн уг холбоогоо баталгаажуулах үүрэгтэй.

Найм. Бусад

8.1. Сонирхогчийн радио станц ашиглагч нь эрхийн бичигт дурдагдсан мэдээллүүд өөрчлөгдөх тохиолдолд тухай бүр МРСХ-нд албан хүсэлтээр хандаж өөрчлөлтийг бүртгэлжүүлнэ. МРСХ нь ирсэн хүсэлтэд дүгнэлт гаргаж ХХЗХ-нд хандан эрхийн бичигт өөрчлөлтийг оруулна.

8.2. Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичгийн хугацаа дуусахад эрхийн бичиг дуусгавар болж хүчингүй болно.

8.3. Уг эрхийн бичгээр олгосон дуудлагыг дахин ашиглах хүсэлтэй бол энэхүү журмын 2 дугаар бүлгийн дагуу хүсэлтээ шинээр ирүүлнэ.

Ес. Хяналт шалгалт

9.1. Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу Харилцаа холбооны улсын байцаагч, ХХЗХ-ны холбогдох мэргэжилтэн, инженерүүд болон МРСХ-ны ажилтнууд радио сонирхогчдын станц, нэвтрүүлэх төхөөрөмжүүд болон антен бусад хэрэгслүүдийн ашиглалтад хяналт, шалгалт хийнэ.

9.2. Сонирхогчийн радио станц ашиглагч нь улсын байцаагч, МРСХ болон ХХЗХ-ны мэргэжилтэн, инженерүүдийг хяналт шалгалт хийх үед тавьсан шаардлагыг биелүүлнэ.

9.3. Радио сонирхогчид нь энэхүү журмын заалтуудыг зөрчиж буй этгээдэд үйл ажиллагаагаа зогсоохыг шаардах эрхтэй ба уг зөрчлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудад мэдээлэх үүрэгтэй.

Арав. Хариуцлага

10.1. Радио сонирхогч нь сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг, дуудлага ашиглахгүйгээр радио долгион ашиглах, өөрт зөвшөөрөгдөөгүй радио давтамж ашиглах, эрхийн бичигт тусгагдсан нэвтрүүлэгчийн чадлын хэмжээнээс хэтэрсэн, радио станцыг зориулалтын бусаар ашигласан, радио давтамжийн зурваст элдэв хиймэл шуугиан үүсгэсэн, оршин суугчид болон байгууллагын цахилгаан хэрэгсэлд элдэв гаж нөлөө үзүүлсэн, энэхүү журамд заасан заалтуудыг зөрчих мөн Монгол улсын “Радио долгионы тухай хуулийг зөрчсөн тохиолдолд дараах хариуцлага ногдуулна. Үүнд:

· Сануулах

· Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичгийг хураах

· Сонирхогчийн радио станц ашиглах эрхийг 5 хүртэл жилийн хугацаагаар хасах

Монгол улсын Харилцаа холбооны тухай хууль, Монгол улсын Радио давтамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.



[1] “Радио долгионы тухай” хууль. 4 дүгээр зүйл. Радио долгионы өмчлөл.

Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үүсгэгчээс үүссэн болон үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд багтаж байгаа радио долгион нь Монгол Улсын төрийн өмч мөн.

Төр нь радио долгион өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, болзолтойгоор радио давтамж, радио давтамжийн зурвасыг ашиглах эрхийг бусад этгээдэд олгоно.

[2] Радио долгионы тухай хуулийн 12.2 Тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь хугацаа сунгах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 60 ба түүнээс дээш хоногийн өмнө Зохицуулах хороонд гаргана.