Мэдээ мэдээлэл

Мэдээлэл харилцаа холбооны Ассоциацын нэрэмжит РСЧО тэмцээн-2012 он.

МХХҮ-ний Ассоциацийн нэрэмжит РСЧО тэмцээн

Монгол улсад радио спортыг хөгжүүлэх ажлын хүрээнд манай холбоо Монголын Үүрэн телефоны операторууд, радио холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, сургуулиудын Аварга шалгаруулах Радио пеленгацын тэмцээнийг өнгөрсөн Бямба гарагт Бага баянд амжилттай зохион байгуулж явууллаа.

Тэмцээнд Харилцаа холбооны зохицуулах хороо, Улуснэт, УБТЗ-ийн Дохиолол холбооны 2-р анги, Мэдээлэл харилцаа технологийн сургууль зэрэг байгууллагуудын 5 баг тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорьлоо.

Тэмцээнийг M21, W21 ангилалаар 144 MHz-ийн үелзэл дээр явуулсанаас M21 ангилалд УБТЗ-ын ДХ-ны 2 дугаар ангийн тамирчин А. Алтан-Эрдэнэ 5 нэвтрүүлэгчийг илрүүлэн 113 минут 19 секундэд барианд орж 1-р байрт шалгаран Алтан медаль, МХТС-ийн Ж. Оргил 4 нэвтрүүлэгч илрүүлэн 100 минут 47 секундээр 2-р байр, мөн сургуулийн Г. Лхаасүрэн 4 нэвтрүүлэгч илрүүлэн 106 минут 56 секундээр 3-р дугаар байр тус тус эзлэн мөнгө хүрэл медаль хүртэж, өргөмжлөл, мөнгөн шагнал авсан байна. W21 ангилалд ХХЗХ-ны тамирчин Б. Эрдэнэцэцэг 3 нэвтрүүлэгч илрүүлэн 105 минут 26 секунд гүйж барианд орон 1-р байр эзлэн Алтан медалиар энгэрээ мялааж УБТЗ-ын ДХ-ны 2-р ангийн тамирчин Д. Мөнгөнцэцэг 3 нэвтрүүлэгч 114 минут 42 секундээр 2-р байр, МХТС-ийн Ж. Сайнжаргал 2 нэвтрүүлэгч 112 минутаар 3-р байр эзэлж мөнгө хүрэл медаль хүртэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Багийн нэгдсэн дүнгээр УБТЗ-ын ДХ-ны 2-р ангийн Батсайхан ахлагчтай баг 11 нэвтрүүлэгч 345 минутаар 1 байр эзлэн цом, өргөмжлөл, МХХҮ-ний Ассоциацийн шилжин явах цом хүртлээ. МХТС-ийн Ж. Оргил ахлагчтай баг 9 нэвтрүүлэгч 291 минутаар 2-р байр эзлэн цом, өргөмжлөл, ХХЗХ-ны 6 нэвтрүүлэгч 321 минутаар 3-р байр эзлэн цом өргөмжлөлийн эзэд болсон байна.

Энэ удаагийн тэмцээнийг манай холбооны ОУХМ, шүүгч С. Мөнхдэлгэрэх, ОУХМ, шүүгч А. Ариунаа нар зохион байгуулж явууллаа. Хэдийгээр спортын цол зэрэггүй, шинэ залуу тамирчид оролцсон ч нэвтрүүлэгч илрүүлээгүй нэг ч тамирчин байгаагүй ба бүгд хяналтын хугацаандаа бариандаа орсон нь энэ тэмцээний нэг онцлог байлаа.

Ийнхүү Үүрэн телефоны операторууд, радио холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын Аварга шалгаруулах Радио пеленгацын тэмцээн 6 жил тасарсаны эцэст дахин сэргэж Монголын Харилцаа холбооны Үндэсний ассоциацын нэрэмжит тэмцээн болон явагдаж эхэллээ.

Манай холбооноос уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон явуулж оролцогч байгууллага, компаниудын хүрээг тэлж улмаар Тив дэлхийн тэмцээнүүдэд өрсөлдөх хүчтэй баг тамирчид бэлтгэн оролцох зорилго тавьж байгаа юм.