Мэдээмэдээлэл

JU850 өндөрлөв

Дэлхийн талыг морин туурайгаар тамгалж, Евразийн эх газар хөндөлсөх Их хаант улсыг байгуулан Монгол туургатны суу алдрыг дэлхийн буурал түүхнээ өнөд мөнхөлсөн Агуу их суут Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан тусгай дуудлагатай станцууд амжилттай ажиллаж өндөрлөлөө. Хаадын хаан хэмээн дэлхийд дээдлэгдэх их хааны  өлгий нутаг Монгол орондоо хүмүүн төрлийг олж мэндэлсэн бид л бахархахгүй бол... одоо л бахархахгүй бол хэзээ бахархах билээ гэсэн омгорхох сэтгэлээр JU850 тусгай дуудлагаар Ц. Гантулга JT1AA, Б. Энхбаяр JT1DA, Д. Нэхийт JT1DN, З. Бат-Эрдэнэ JT1CS нар дэлхийн сонирхол нэгтнүүдтэйгээ холбоо барин өөрсдийн хэмжээнд энэ түүхэн ойг олон улсад сурталчиллаа. 14/XI-21/XI өдрүүдэд бид хөрш Орос Хятадаас эхлээд дэлхийн нөгөө бөөрөнд орших, алс холын Эквадор зэрэг бүх тивийн 100-аад улсын 7000 шахам радио сонирхогчтой  CW, SSB, DIGITAL гэх үндсэн төрлөөр холбоо барив.

Ёгтоор хэлэхэд, цөс ихт дайчин өвөг дээдсийнхээ мориндоо мордон, нум саадгаа агсан дэлхийг байлдан дагуулах хэмээсэн их тэмүүллийг бид радиогийн цэнхэр долгионоор хэдхэн хоногт  “товхинуулж” гүйцээлээ.

JU850 тусгай дуудлагаар ажиллахад гүн дэмжлэг үзүүлж уг тусгай дуудлагануудын QSL картыг хэвлүүлж өгсөн Ц. Батбилэг захиралтай FBLG компанийн хамт олонд JU850 баг болон нийт радио сонирхогч тамирчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж ажлын амжилт хүсье. Дашрамд өгүүлэхэд  Ц. Батбилэг захирлын аав Лувсанцэрэнгийн Цогбадрах гуай Ардын Армийн холбоонд олон жил үр бүтээлтэй ажилласан цэргийн ахмад холбоочин, сайн инженер байжээ.

Б. Энхбаяр/JT1DA